И-Мэйл
info@samoinstitute.mn, laboratory@samoinstitute.mn
Хөгжлийн 40 жилийн арвин түүхтэй бүтээлч хамт олны цогцлоосон институтийг хүлээн авч, эрдэм шинжилгээний байгууллагыг хувийн өмчийн хэлбэрээр ажиллуулах боломжийг бүрдүүлж алдаа онооноос, амжилт бүтээл нь илүүрхсэн 12 жилийг ардаа үджээ. Салбарын эрдэм шинжилгээний байгууллагын хувьд хүний биед эм болохоор чанартай, баталгаатай хүнсийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх, хэрэглэх асуудлаар эрдэм шинжилгээ, судалгаа туршилтын ажлууд гүйцэтгэж, хүнсний бүтээгдэхүүнд чанар, аюулгүй байдлын хөндлөнгийн хяналтын лабораторийн шинжилгээ хийж, үндэсний үйлдвэрлэгчдэд мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж бид идэвхитэй хамтран ажилласан. Институтийн эрдмийн зөвлөлийн гишүүд, салбарын эрдэмтэд, ахмадууд, туршлагатай инженерүүдийн туслалцаа дэмжлэгтэйгээр шинэ залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулан, ШУТ-ийн төсөл болон салбарт шаардлагатай асуудлуудаар захиалгат эрдэм шинжилгээ судалгаа туршилтын ажлуудыг амжилттай гүйцэтгэж, үйлдвэрлэлд шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи нэвтрүүлж, олон бүтээлд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэж, шинжилгээний лабораторийг шинэ багаж төхөөрөмжөөр тоноглож, шинэ арга зүй эзэмшиж, залуу ажилтнуудынхаа боловсролын зэргийг ахиулж, олон орны ижил төстэй үйл ажиллагаа бүхий эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаа.
Дэлхийд тархсан аюулт цар тахал, хүнс хүний амьдралд ямар чухал болохыг, мөн улс орон бүр хүнс үйлдвэрлэлдээ анхаарах ёстойг бүрэн утгаар нь ойлгуулж, хүн эрүүл аз жаргалтай амьдрахын тулд дархлаагаа дэмжих, тэжээллэг шимт өндөр чанартай, баталгаатай хоол хүнсийг зохистой зөв хэрэглэхийг чухалчилж буй нь нийт хүнсчид, хүнс үйлдвэрлэгчид биднээс хариуцлага, хандлагаа шинэ түвшинд гаргахыг шаардаж байна. Байгалийн гаралтай хүнсний нөөц улам бүр хомсдож буй өнөө цагт эх орныхоо онгон байгалийн нөхөн сэргээгдэх цэвэр түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, боловсруулах, гадаад зах зээлд гаргах асуудлыг судлах нь бидний дэвшүүлж буй зорилтын нэг мөн. Он цаг улиран өнгөрөх дутам үнэ цэнэ нь нэмэгдэж дэлхийн судлаачдын сонирхолыг татаж буй хүнс хоолны уламжлалт монгол ур ухаан, шинжлэх ухаан техникийн ололтыг хөгжүүлэхэд уламжлал шинэчлэлийг зохистой хослуулж, шинэ үеийн хэрэглээнд дүйсэн хүнсний дэвшилтэт технологиудыг эзэмшиж, үр дүнтэй эрдмийн бүтээлүүд туурвиж, хүнсний баталгаат байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулах нь ХЭШҮ-ийн “Само” институтийн залуу үе-хамт олон бидний эрхэм үүрэг мөн.
Даяаршлын эрин үед хүн амыг баталгаатай хүнсээр хүртээмжтэй хангахад идэвхитэй оролцож, Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, эрдэм шинжилгээний ажлын өгөөжийг зах зээлийн шаардлагатай уялдуулан дээшлүүлэхэд үндэсний уламжлалт ур ухааныг шинжлэх ухаан-технологийн ололт, дэвшилтэй зохистой хослуулан, бодитой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго, нэр төрийн хэрэг мөн.
1973 Архи пивоны үйлдвэрийн хуучин барилга байгууламжийг институтэд шилжүүлэн өгөв.
1979 ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын буцалтгүй тусламжаар байгуулсан өргөтгөлийн барилга, иж бүрэн лабораторийг ашиглалтанд хүлээн авав.